Байдаг л нэг амралтын өдөр. Уул нь амралтын өдөр эхлэхэд бүгд баяртай байдаг, гэхдээ тэр биш.Тэр ер нь амралтын өдөр амарч үзээгүй. Амралтын өдөр хэзээ ч битгий ирээсэй гэж боддог байсан. Тэрний амралтын өдөр бүр ганцаардмал, дөрвөн ханан дунд өнгөрдөг ...Түүний оронд хичээлдээ явж байсан нь ядахдаа хэдхэн цаг ч болтугай гадуур гарах боломж олгоно. Цуг тоглох найз нөхөд байхгүй ч бас ганцаараа зожигроод байдаггүй. Хичээлээ тараад сургуулаасаа холгүй орших байшин руу аажуу явна.Тэгж явах зам нь түүнд их таалагддаг. Замд цэцэрлэг, сургуулийн тоглоомын талбай, автомашин зогсоол харагддаг.Хэн нэгэн хослол өмссөн, найз бүсгүй, залуугаа дагуулсан ах эгч нар аль нэг машинд ороод хаашаа ч юм явахыг харах түүнд сонин санагддаг. Тэдгээр хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл, баяр баясал, аз жаргал, уур бухимдал ээлжилэн тодорч нэг л хэвийн төрхтэй машиндаа сууна. Машинд суумагц хаашаа ч юм мэдэхгүй газар руу гишгээд өгөх биз ээ...Дараа нь сургуулийн тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэг бий. Цэцэрлэгт сураагүй, цэцэрлэгийн жаахан хүүхдүүд уйлалдах нь уйлалдаж, тоглох нь тоглохыг хараад тэгж их сэтгэгдэл төрөхгүй. Жаахан хүүхдүүд түүнд онц санагдаж байсангүй. Өөрөөс нь хэдэн сантиметр намхан тэдгээр хүмүүс юу бодож, яаж байгаа нь мэдэгдэхгүй, сав л хийвэл уйлж, чирэгдэж байдаг ядаргаатай улс...Хол байх хэрэгтэй гэхээс өөр бодол үгүй. Эцэст нь өнөөх сургуулиас холгүйхэн байрлах байшиндаа ирэн цорын ганц сандал дээр сууна. Тэнд очимогц ихэвчилэн болзоот найз нь ирчихсэн байдаг.Үргэлж хар плаж, хар цүнх үүрсэн байдаг тас хар үс, томоос том тас хар нүдтэй охин. Түүний оймс нь хүртэл хар байдаг санагдана. Охиний хажууд энгийн л сургуулийн дүрэмт хувцас өмссөн бусдаас хамаагүй жижигхэн биетэй, сэвхтэй жаал ирж сууна. Юу ч ярилгүй, юу ч хэлэлгүй тэр хоёр тэндээ нар жаргах хүртэл суудаг. Жаалхүү хааяаа нэг охин руу гайхан харах боловч охин түүн рүү хэзээ ч харж байсангүй...Хэзээ ч түүнтэй харц тулгарч байсангүй...Том хар нүд нь тэнгэрийн хаяаны хаа нэгтэй, жаргаж буй нарнаас дээгүүр, үүлс рүү чиглэнэ...Заримдаа тэнгэрт бүжиглэх шувуудыг дагаж хараад байгаа юм шиг санагдана...Хичээл ордог тав хоног өдөр бүр ийнхүү өнгөрнө...Сургууль дээр бол тэр хоёр үг солихгүй...Хүү найзуудынхаа хажууд чимээгүйхэн охин рүү ширтэн суудаг бол охин түүний байгаа эсэхийг ч анзаардаггүй...Хамгийн хойно, хамгийн захад өөрийн ертөнц дөө суусаар л гараад явчихдаг...Хэнтэй ч үг сольдоггүй, багшийн асуултанд толгой дохих, сэгсрэх зэргээр л хариулдаг том хар нүдтэй охин...Ангийх нь хүүхдүүд охиноос айж эмээж, зарим нь шулам, чөтгөрийн охиноор нь дуудах боловч хүүд тэр бүгд хамаагүй. Тэр охин руу хараад ямар нэгэн зүйлийг мэдрэх шиг санагддаг...Ямар нэгэн хэлж мэдэхээргүй, одоохондоо уудлаад гаргаж ирж чадахааргүй зүйлийг мэдрэх шиг санагдана...Харин амралтын өдөр...Амралтын өдөр тэр охинтой суудаггүй...Эцэг эх нь гаднаас нь цоожлоод гэртээ ганцаар үлдэнэ...Өөрт нь хэзээ ч хариу хэлж байгаагүй тоглоомууддаа бүхнийг ярина...Тоглоомууд нь сонсоод л байхаас хэзээ ч юу ч хэлж байсангүй...Нэг л хэвийн инээмсэглэл, тогтсон нүүрний хувирлаар өөдөөс цоо ширтэх боловч нэг ч тоглоомонд түүнд хань болж байсангүй... Элдэвийг төсөөлөн бодож, нүүр гарны алчуурыг бэтмэний нөмрөг болгосоор түүний тамын амралтын өдрүүд эхэлдэг...Амралтын өдөр эхэлмэгц л залууд ганцаардал, гунихарал санаанд нь буудаг...Өнөөх охиний тухай дурсамжууд ч мөн оюун санаанаас ухагдан гарч ирнэ...Тэр охин амралтын өдөр юу хийдэг байсан бол...Тэр охиний амралтын өдөр хэрхэн өнгөрдөг байсан бол...Хэзээ ч үг солиогүй, ердөө ганцхан удаа харц тулгарсан тэр охинийг маш ихээр мэдрэх боловч хэзээ ч танилцаж байсангүй...Гэрэл гэгээг, эсвэл үхлийг дуудсан охиний нэр хааяаахан зүүдэнд нь "Зул" хэмээн бууна...Хэн бүхнээс нуудаг харанхуй өрөө адил охиний том хар нүд юуг ч үл хэлнэ...Юуг ч үл гаргана...Хов хоосон, аниргүй ертөнц...Өнөөдөр тэдгээр бусад, хэдэн зуу, мянга мянгаараа өнгөрсөн амралтын өдрүүдийн л нэгэн адил амралтын өдөр...Ажлын өдөр өнөөх бяцхан охинтой цуг нар жаргахыг ширтэж суухгүй ч, амралтын өдөр цаанаа л ганцаардмал...Хэн нэгнийг үгүйлээд байх шиг санагддаг болчихсон...Толгой тархи нь хүнд оргиж, нүдээ аниад нээтэл өнөөх сэтгэл хөдлөлгүй хүйтэн хөндий тоглоомууд дундаа сууж байх юм шиг санагддаг...Өглөөний ундаа ч уулгүй зам даган алхана...Тэдгээр хуучныг дурсан, өнөөх охиний тухай дурссаар...Гэвч тэр энэ бүгдийг л зөвхөн санаад байдаг юм шиг санагдана...Заримдаа ингэж санагдана...Магадгүй хаа нэгтэй, оюун санааных бүүр түүр түгжигдсэн мөчид охин түүний гарыг атгасан санагдана...Өнөөх нарийн замаар автомашиний зогсоолыг ширтэн алхаж байтал хүйтэн бас халуун гар түүний гарыг атгасан...Охинтой адилхан шахам гартайдаа өөрөөсөө ичиж байсан санагдана...Энэ явдал үнэхээр болсон эсэхийг хэлж мэдэхгүй...Дурсамжийнх нь хаа нэгтэй охин түүнд бүхнийг ярисан мэт санагдана...Амралтын өдөр бүр гэртээ цоожилогддог оо...Гэрийхэн нь түүнийг цоожлоод хаашаа ч юм явцгаадаг тухай...Аавыгаа хэзээ ч хараагүй бүүр түүрхэн дурссан санагддана... Эмээгийнхээ өгсөн дурангаар эсрэг талын байруудыг ширтэж суугаад түүнийг харсан тухайгаа хэлсэн ч юм шиг...Яг л тэнгэрт аажим аажим нүүн замхарж одох үүлс шиг дурсамжууд...Хэзээнээс, ягаад тэр байрнуудын дундахь цор ганц сандар, яг тэр цагтаа нар жагахыг харан сууцгаадаг болсоноо мэддэггүй...Ерөөсөө санаанд нь орж ирдэггүй юм...Тэр тухай бодмогц л сууж байсан үе шууд эхлэхээс биш сууцгаая гэж ярьж байсан үгүй...Гэхдээ нэг удаа, тэр ч гэсэн гэртээ ганцаар, тагтан дээрээ орчинийг ажиглаад зогсож байсан юм шиг...Есөн давхрын өндрөөс доош шагаймагц тээр доошоо уначихвал чөлөөлөгдөмөөр...Тийшээ нисчихвэл дахин амралтын өдөр байхгүй болж өдөр бүр нэг дэх, хоёр дахь, гурав дахь, дөрөв дэхь, тав дахь тэгээд нэг дэхь байх юм шиг...Доошоо харц унагах тусам нисэж үзэх адгуу хүсэлд улам ихээр эзэмдүүлнэ...Яг тэр мөчид, хөлөө савчуулан тагтны ирмэг дээр амралтын өдрийн тухай бодож суухдаа тэр ч мөн өнөөх охинг...Тагтан дээрээ хөлөө савчуулан сууж байсныг харсан санагдана...Гэвч үнэхээр харсан гэдгээ хэлхэд бэрхтэй...Маргааш нь өглөө нь автомашиний зогсоолыг цоо ширтэж зогсоход охин ирээд жаахан сууцгаах уу гэж хэлсэн шиг...Анхны бөгөөд сүүлчийн удаа түүний хоолойг сонссон нь тэр байсан юм болов уу...Энэ тухай бодмогц л бүх зүйл эсрэгээрээ хөтлөгдөн санах гэж хичээл тусам, шаварт суусан машин адил улам бүр ухан орох боловч юу ч үгүй хоосон...Утаа адил замхран алга болно...Дурсамжийнх нь хаа нэгтэй орших тас хар нүдтэй, тас хар үстэй тэр охин хаа байгааг тэр одоо мэдэхгүй... Ганцхан амралтын өдөр, заримдаа өнөөх нарийн гудмаар алхах үед сэтгэл санааг нь өөртөө бүрэн эзэмдэх охиний харц...Жаргах нар руу биш, тэнгэрт дүүлэх шувууд руу ч биш, магадгүй бүүр ерөөсөө түүний амьдрал шиг тас хар, охиний том хар нүд адил тас харанхуй ертөнцийг ажин суух шиг санагддаг... Хэзээ нь үл мэдэгдэх тэдгээр өдрүүдэд жаргах наран ч, тэнгэрт бүжиглэх шувууд ч, аажим аажимаар сарнин алга болох үүлс хэрэгтээ ямар харагдаж байсныг тэд хэрхэн мэдэх билээ...
No comments:
Post a Comment